Зайны сургалтын алба

Тус алба нь 2017 оны 9 сарын 15-нд Мэдээллийн Технологи, Зайны Сургалтын Алба нэрээр, 10 хүний бүрэлдэхүүнтэй шинээр байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

МУБИС-ийн 2019 оны бүтцийн өөрчлөлтийн дагуу Зайны Сургалтын Алба болж, 6 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа зохион байгуулж байна. Өнөөдөр, тус албаны даргаар дэд проф Л.Мөнхтуяа (Ph.D), мэргэжилтнээр Ц.Нямсүрэн (магистр), А.Нямбаатар, Н.Оюунсүрэн, Ө.Мянганбаяр, Б.Итгэлт нар ажиллаж байна.

Тус алба нь боловсролын хэрэгцээг орон зай, цаг хугацаанаас хамааралгүй нээлттэй, хүртээмжтэй, чанартай, үр дүнтэйгээр хангах тогтолцоог бий болгох зорилгын хүрээнд зайны (онлайн) сургалтын бодлого хэрэгжүүлэх, удирдлага зохион байгуулалтаар хангах; багш, суралцагчдад зайны сургалт зохион байгуулах; тэдний мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд шаардлагатай цахим контент үүсгэх; сургалтын программ хангамж ашиглах цахим материалын сан бүрдүүлэх; онлайн сорилын сан үүсгэх, шалгалт авах, боловсролын нээлттэй нөөц бий болгох, онлайн хамтын ажиллагааг дэмжих чиглэлээр дотоод болон гадаадын байгууллагатай хамтран ажиллах зэрэг үйлчилгээ үзүүлж байна. БСШУСЯ-ны санаачилга, АХБ-ны “Дээд боловсролын шинэчлэлийн төсөл”-ийн хүрээнд МУБИС-ийг түшиглэн Дорнод ИС, Архангайн БС, Завхан сургууль болон Ховд ИС-д “Зайны сургалтын төв”-үүд байгуулагдсан бөгөөд тус алба удирдлага, зохион байгуулалт, арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллаж байна.

 

Тус албаны зарим шинэлэг ажлаас дурдвал:

  • Онлайн шалгалтын сорилын сан бүрдүүлж, төгсөлтийн нэгдсэн шалгалтын Боловсрол судлалын хичээлийн агуулгаар анх удаа онлайн шалгалт, тогтмолжуулсан (2018.1 сар);
  • МУБИС-ийн албан хэрэгцээний компьютер, техник хэрэгслийн засварын онлайн дуудлага өгөх систем нэвтрүүлсэн (2019.3 сар);
  • МУБИС-ийн “Мэдээллийн технологийн хөгжлийн хөтөлбөр (2018-2023)”, “Мэдээллийн аюулгүй байдлын журам” болон “Онлайн сургалтын журам”-ыг боловсруулж, бодлого эрх зүйн орчин бүрдүүлэн, хэрэгжүүлж байна. (2019.3 сар).
  • МУБИС, орон нутгийн их, дээд болон ЕБС-ийн багш, төгсөх ангийн оюутнуудад 6 цуврал хосолсон (Blended Learning) сургалт зохион байгуулж, давтагдсан тоогоор 2000 гаран хүний мэдлэг, чадвар, сургалтын арга зүйг дээшлүүлсэн (2018-2019 он).
  • МУБИС-ийн Боловсролын удирдлагын магистрантурын хичээлийг онлайн болгох үйл ажиллагааг амжилттай гүйцэтгэсэн (2020).
  • Зайн болон онлайн сургалтын үйл ажиллагааг дэмжих программ хангамжийн гарын авлага, зөвлөмж, видео мэдээлэл бэлтгэж, сургалтын нээлттэй нөөцийн санг тогтмол бүрдүүлж байна.      
  • Зайн, онлайн сургалтын хичээлүүдийн мультимедиа (видео, аудио болон бусад) болон интерактив материал боловсруулж, цахим хичээлийн сан үүсгэн, сургалтад нэвтрүүлж байна (2021)
  • Видео хурлын өрөөгөөр дамжуулан дотоодын болон олон улсын сургалт, эрдэм шинжилгээний хурал, уулзалт, хэлэлцүүлэг, докторын дипломын хамгаалалт, вебинар зэргийг онлайнаар зохион байгуулж байна