МУБИС-ийн Багшийн хөгжлийн төвийн нээлтийг Дорнод их сургууль, МУБИС-ийн бүрэлдэхүүн Архангайн багшийн сургууль болон МУИС-ийн Завхан сургуульд онлайнаар дамжуулав.

Багшийн тасралтгүй хөгжлийг дэмжих зорилготой МУБИС-ийн Багшийн хөгжлийн төвийн нээлт өнөөдөр боллоо. БСШУСЯ-наас 2018 оныг “Багшийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан энэхүү төвийг нээжээ. Нээлтийн ёслолд УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг, БСШУС-ын сайдын ахлах зөвлөх С.Мөнхбат, БСШУСЯ-ны Дээд боловсролын бодлогын газрын дарга Т.Амаржаргалан нарын эрдэмтэн, багш нар оролцлоо. Нээлтийн арга хэмжээг нээж МУБИС-ийн захирал Д.Мандах хэлэхдээ, “Багшийн хөгжлийн төвд дадлагажигч багш нарт зориулсан тусгай сургалт явуулна. Дадлагажигч багш нар ажилд ороод хоёр жилийн хугацаанд суралцаж байгаад багшлах эрхийн шалгалт өгч, улмаар жинхэнэ багш болох тухай асуудал яригддаг. Хоёр жилийн дадлагын хугацаанд нь багш нарт дэмжлэг, туслалцаа үзүүлэх шаардлагатай байдаг.  Тиймээс хөгжлийн төв дээр зөвхөн дадлагажигч багш гэлтгүй, бусад түвшний багш нарт зориулсан сургалт явуулахаар төлөвлөж байна” гэв.

Өнөө үед багшийг олон талын чадвартай байхыг шаарддаг болсон. Тодруулбал, багш мэдээлэл, технологи дээр чөлөөтэй ажилладаг, зайнаас сургалт явуулах чадвартай, видео хичээл заах арга барил эзэмшсэн, гадаад хэлний тодорхой түвшний мэдлэгтэй байх гэх мэт чадварыг эзэмших хэрэгцээ шаардлага энэ нийгэмд тулгарч байна. Тиймээс тус төв дээр мэдээллийн технологи, гадаад хэлний сургалтуудыг ч мөн явуулахаар төлөвлөсөн байна. Түүнчлэн гадна, дотнын нэртэй эрдэмтэн судлаачид лекц унших, шинэ номын нээлт зохион байгуулах гэх мэт арга хэмжээг явуулах аж.  

Нэмж мэдээлэхэд, МУБИС нь 15 мянга орчим оюутан, 460 гаруй багштай үйл ажиллагаагаа явуулж байна. Тус сургуулийн багш нарын 45 хувь нь эрдмийн цол зэрэгтэй бөгөөд ирээдүйн боловсон хүчнийг бэлтгэх суурь бааз болсон сургууль юм. Цаашид МУБИС судалгааны их сургууль болох томоохон зорилт тавьжээ.