Зайны Сургалтын Төв

МУБИС-ийн Зайны сургалтын төвд "Герман хэлний зайн  сургалтыг зохион байгуулах, удирдан чиглүүлэх арга зүй”  

МУБИС, Германы Эрдмийн Солилцооны Алба (DAAD), ХБНГУ-ын Рүүр- Бохум ИС хамтран их, дээд болон дунд сургуулийн герман хэлний багш нарт “Герман хэлний зайн  сургалтыг зохион байгуулах, удирдан чиглүүлэх арга зүй” сургалтыг зайн сургалтын төвд амжилттай зохион байгууллаа.

МУБИС-ийн НХУС-ийн Англи- Герман хэлний тэнхим болон ХБНГУ-ын Рүүр-Бохум ИС-ийн түншлэлийн хүрээнд жил бүр Бохусын ИС-ийн профессор багш нар монголын герман хэлний багш, оюутнуудад заах арга, хэл шинжлэлийн чиглэлээр сургалт семинар зохион байгуулж ирсэн билээ.

Энэ удаагийн сургалтыг Рүүр-Бохумын ИС-ийн багш Сарнай Чулуунбат Кат, МУБИС дахь ГЭСА-ны төлөөлөгч Даниель Потман болон МУБИС-ийн герман хэлний багш нар нар хамтран Zoom meeting App ашиглан “Герман хэлний зайн  сургалтыг зохион байгуулах, удирдан чиглүүлэх арга зүй” (Online Moderieren und Tutorieren im DaF-Unterricht) сэдвийн хүрээнд зохион байгуулсан нь цаг үеэ олсон үйл ажиллагаа боллоо.

2020 оны 9 дүгээр сарын 19-ний өдрүүдэд зохион байгуулагдсан тус сургалтанд МУ-д герман хэлний сургалт явуулдаг их, дээд сургууль, коллеж, ЕБС-ийн 30 гаруй багш оролцож, өнгөрсөн хичээлийн жилд хуримтлуулсан туршлагаас хуваалцан, цахим сургалттай холбоотой шинэ арга зүй, боломжуудтай танилцан, туршин суралцав. Уг сургалт 10-р сарын 03-нд үргэлжлэн зохион байгуулагдах бөгөөд онол, практикийн уялдааг хангаж байгаагаараа онцлогтой.

Дашрамд дурдахад тус төсөл нь  МУБИС дээр 4 дэх жилдээ амжилттай хэрэгжиж байгаа бөгөөд багш, оюутан солилцоо, МУБИС-д мэргэжилтэн багш ажиллуулах, танхимын болон зайн сургалт, семинар зохион байгуулах, сургалтын тоног төхөөрөмж, сүүлийн үеийн судалгааны бүтээл, ном сурах бичгээр хангах, герман мэргэжилтэн  багшийн удирдлага дор хэл соёлын холбогдолтой бичил төсөл хэрэгжүүлэх, германы дунд сургуульд багшлах дадлага хийх зэрэг гадаад хэлний сургалтанд шаардлагатай бүхий л талын бодит дэмжлэг туслалцаа үзүүлж хамтран ажиллаж байна.